Өнөөдөр дэлхийн аль ч бүс нутаг, газар оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаар, уур амьсгал, усны гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж байна. Мөн энэхүү нөхцөл байдал хүн амийн өсөлт, хотжилт, орчны доройтолтой хавсарснаар бид өмнө тохиолдож байгаагүй олон төрлийн гамшигт үзэгдэлд илүү өртөж байна. Иймээс цаг агаар маргааш ямар байх гэхээс илүүтэйгээр маргаашийн урьдчилсан мэдээ ард иргэдэд ямар эрсдэл, хохирол авчрах талаарх мэдээ, мэдээллийг агуулсан нөлөөлөлд суурилсан цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаж үйлчлэх нь хамгаас чухал юм. Хэрэв уг мэдээллийг цаг хугацаа, орон зайн өндөр нарийвчлалтай гаргаж чадвал бид ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг эрсдлээс урьдчилан сэргийлэх болно. Иймд 2022 оны дэлхийн цаг уурын өдрийг “Эрт сэрэмжлүүлж, эртнээс арга хэмжээ авъя” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.
Дэлхийн хэмжээгээр өнгөрсөн 50 жилд цаг агаар, уур амьсгал, усны 11 мянган гамшигт үзэгдэл бүртгэгдэж, 2 сая гаруй хүний амь эрсдэж, эдийн засагт 3.64 их наяд долларын гарз хохирлыг авчиржээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан засгийн газрын мэргэжилтний бүлгийн хамгийн сүүлд гаргасан үнэлгээний 6 дугаар тайлан илтгэлд ирээдүйд гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч улам нэмэгдэнэ гэж үзжээ. Түүнээс ганцхан жишээг дурдахад тус итгэлд дэлхийн дулааралтыг 2oC биш 1.5 oC-д барьж чадах юм бол хэт халалтанд өртөх хүмүүсийн тоо 420 саяаар багасана гэсэн тооцоо гаргажээ.
Иймд гамшигт үзэгдлийг эртнээс сэрэмжлүүлэх системийг төгөлдөршүүлэх нь маш чухал ач холбогдолтой юм. Дэлхийн уур амсьгалын өөрчлөлтөнд дасан зохицох хорооны тооцоогоор хэрэв хөгжиж буй орон 800 сая долларын хөрөнгө оруулалтыг энэхүү системийг бий болгоход зарцуулахад жилд 3-16 тэрбум долларын хохирол амсахаас зайлж чадна гэсэн байна.
Хүн-төвтэй “Эрт сэрэмжлүүлж, эртнээс арга хэмжээ авах” системийг хөгжүүлэх, шинжлэх ухааны нарийн нийлмэл мэдээлэл, үр дүнг боловсруулан урьдчилсан арга хэмжээ авахад зориулсан нөлөөлөлд суурилсан цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах нь дээрх үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэхэд онцгой байр суурь эзлэнэ.
Олон улсын томоохон гэрээ, хэлэлцээр болох “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”, “Гамшгийн эрсдлийг бууруулах Сэндайн үзэл баримтлал”, “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-ийн зорилтууд 2030 онд хэрэгжиж дуусхад үндсэндээ 8 жил үлдсэн байна.
Иймээс дэлхийн цаг уурын өдрийг “Эрт сэрэмжлүүлж, эртнээс арга хэмжээ авъя” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь дээрх зорилт руу анхаарал хандуулж, үндэсний ус, цаг уурын үйлчилгээгээр дамжуулан өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой юм.
Эх сурвалж: http://irimhe.namem.gov.mn