АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөр, Олон улсын хар тамхитай тэмцэх, хууль сахиулах алба, Олон улсын хөтөлбөр, бодлогын асуудал хариуцсан газрын санхүүжилттэй “Зэрлэг амьтан, ургамлын хууль бус ажиллагаатай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн эхлэлийн семинар зохион байгуулагдлаа. Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэгч байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар цаашид хариуцан ажиллахаар харилцан тохиролцож санамж бичгийг БОАЖЯ болоод АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөрийн хооронд байгуулах ажлыг эхлүүлсэн.
Семинарт АНУ-ын Ойн алба түүний дэргэдэх Олон улсын хөтөлбөрийн захирал Др.Вал Мизанис, АНУ-ын элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Кевин Моор, АНУ- ын Ойн албаны олон улсын хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн захирал Кент Эллиот, үндэсний хэмжээний хүрээлэн буй орчны гэмт хэрэг, урьдчилан сургийлэх, хууль сахиулах асуудал хариуцсан байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцлоо.
Эхлэлийн семинарыг нээж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга үг хэлэв.
Тэрвээр төслийн хүрээнд зэрлэг амьтан, ургамлыг хууль бусаар агнах, түүж бэлтгэх зөрчлийг бууруулахад байгаль орчны мэргэжилтнүүд, тэр дундаа орон нутгийн байгаль хамгаалагч, улсын байцаагчийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Энэхүү төсөл нь:
- Зэрлэг амьтан ургамлын гэмт хэрэгтэй холбоотой асуудлын талаарх үндэсний болон олон улсын ойлголтыг сайжруулах;
- Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэх;
- Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний, бүс нутгийн болон олон улсын сүлжээ, хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Эх сурвалж https://ecfund.mn/post/124902